Архангайд дэгдсэн салхины улмаас таван айлын гэр нуржээ

        Саяхан Архангай аймагт хүчтэй салхи дэгдсэний улмаас хэд хэдэн айлын гэр нурсан байна. Хүчтэй салхины бичлэгийг цахим хуудсанд байршуулсан нь олны анхаарлыг нэлээд татсан бөгөөд хамрах хүрээ, салхины эрчээрээ нэлээд хүчтэйд тооцогддог ихэнхдээ говийн нутагт үүсдэг “Угалз үүссэн байна гэж үзсэн байна.

      Энэ талаар Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Хоёр гуравхан хоногийн өмнө танай аймагт нэлээд хүчтэй салхи дэгдсэн байсан. Салхины улмаас учирсан хор хөнөөл бий юу?

-Манай аймгийн Хашаат, Батцэнгэл, Өлзийт гурван сумыг дамнасан хүчтэй салхи дэгдсэн. Энэ салхины улмаас зусландаа гараад байсан дөрвөн малчин айлын илүү жижиг гэр нурсан. Мөн нэг айлын том гэр нурсан байгаа. Нэг айлын амьдардаг гэр салхинд нурсан учраас гэр доторх эд хөрөнгө нэлээд эвдэрч сүйдсэн гэж хэлж болно.

-Хүн бэртэж гэмтсэн үү?

-Хүн гэмтээгүй. Зөвхөн дээрх таван айлын гэр л нурсан байгаа. Хохирлын хэмжээ харьцангуй бага.

                                                                    -Хүмүүс уг салхийг “Угалз” гээд байгаа

  -“Угалз” бол биш л дээ. Борооны өмнө боссон л салхи. Үдээс хойш салхи дэгдэж эхэлсэн бөгөөд гурван сумын нутаг дайраад намжсан. Ер нь Хашаат суманд иймэрхүү салхи үе үе гарах тохиолдол бий. Газар зүйн хувьд тал нутаг учраас салхи их үүсдэг. Өмнө нь үүнээс ч хүчтэй салхи дэгдэж байсан удаатай. Энэ удаагийн салхи ердийн гарч байдаг салхи. Гэхдээ манай Онцгой байдлын газраас болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх үүднээс малчдад цаг агаарын мэдээг зарлан мэдээлж байдаг.

         -Архангай аймгаар зуншлага хэр байна?

-Бороо ороогүй удаж байна. Саяхан зүүн сумдаар жаахан бороо орсон. Аймгийн төв болоод баруун сумдаар хуурайшилттай байгаа учраас шороон шуурга их болох төлөвтэй байна.

                                                                                                                                 Эх сурвалж: Өдрийн сонин 2017.06.21

                                                                                                                                                                    Д.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 1
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 2
  • 0
  • 0