Архангай аймагт төрийн албан хаагчдыг чадавхжуулах ажлууд эхэлжээ

Архангай аймгийн ЗДТГ-аас Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран аймгийн ЗДТГ-ын нийт албан хаагчид, агентлагийн  дарга нарыг хамруулсан төрийн албан хаагчдын чадавхжуулах сургалтыг энэ сарын 19-ны өдөр зохион байгууллаа.

Архангай аймагт 4796 төрийн албан хаагч ажиллаж амьдардаг байна. Үүнээс улс төрийн албан тушаалтан 126, төрийн захиргааны албан хаагч 542, төрийн тусгай албан хаагч 124, төрийн үйлчилгээний албан хаагч 4004  байна. Мөн 159 төрийн байгууллага  ажиллаж, эдгээрээс эрүүл мэндийн 46 байгууллагад 1216 албан хаагч, боловсролын  67 байгууллагад 2788 албан хаагч ажилладаг байна.

Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт Төрийн албан хаагчдыг чадавхжуулах  чиглэлээр  1 зорилт 1 арга хэмжээ, аймгийн Засаг даргын 2016-2020 оны  хөтөлбөрт төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр  1 зорилт 4 арга хэмжээ тусгагдсаны дагуу төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон зайн сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлж, төрийн албаны мэргэшсэн, чадварлаг байх нөхцөлийг дэмжиж ажиллах зорилт тавин ажиллах юм.

Энэ ажлын хүрээнд Төрийн албан хаагчдын нэгдсэн форум зохион байгуулах, жил бүр төрийн албан хаагчийн сургалт семинарын нэгдсэн төлөвлөгөөтэй ажиллах, Удирдлагын академийн сургалтуудад хуваарийн дагуу төрийн албан хаагчдыг хамруулах, Үндэсний статистикийн хороотой  хамтран багийн Засаг дарга нарын  нэгдсэн сургалтыг зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж эхэлжээ.

Сургалтын үеэр төрийн албанд шинээр орсон 24 албан хаагч тангараг өргөсөн юм.

Б.Гэрэлт-Од

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0